Рой Хожсоны Ливерпуль дэх эрин дуусаж Дэлглишийн үе дахин эхлээд удаагүй байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Улаанууд дерби Эвертонтой оноо хувааж Дэлглиш анхны оноогоо авсан бол энэ тойрогт анхны ялалтаа байгуулаа.
Тэд он гарахаас өмнө 1 : 0-ээр дийлдэж байсан Волверхэмптоноо 3 : 0-ээр бут ниргэн хямралын байдлаасаа гарч байгаа гэдгээ нотоллоо. Тойрог өнгөрөх тусам шилдэг формондоо эргэн орж буй Фернандо Торрес дубль хийж багийнхаа ялалтыг цөмийг бүрдүүлсэн бол Раул Мейрелеш магтахгүй байхын аргагүй гайхалтай гоолоор Волвесийн хаалгыг мялаагаад амжсан.
Улирал эхэлснээс хойш айлын талбайгаас оноо авах тал дээр тун маруухан байгаа Ливерпульчууд ийнхүү 2 дахь удаагаа зочлон тоглолтоос хожил авлаа. 10-р тойрогт Болтоныг Родригесийн гоолоор ялснаас хойш тэд айлын талбайд ялахын сайхныг мэдрээгүй байсан юм.
Тэдний энэ удаагийн өрсөлдөгч Волвес хүснэгтэд тааруу яваа ч гэсэн сүүлийн үеийн формоороо ямар ч сайн багийг айлгахаар байгаа. Тухайлбал шинэ он гараад Челсиг талбайдаа буулган авч, Ситигийн цэнгэлдэхэд 4 : 3-аар өндөрлөсөн ширүүн “зодоон” хийгээд амжсан.
Дээр нь Ливерпульчууд 1979 оноос хойш Волвесийн Молинеукс цэнгэлдэхэд ялалт байгуулаагүй гэсэн статистик үзүүлэлттэй Вулверхэмптонд зочилсон.
Кенни Далглиш гарааны бүрэлдэхүүндээ бага зэрэг өөрчлөлт хийж Рой Хожсоны “гологдол” Пульсенийг эргүүлэн авчирсан байв. Мөн торгуультай байгаа Жеррардын байрлалд Раул Мейрелешийг “зоожээ”. Дани хагас хамгаалагч өнгөрсөн зун Ювегээс 4.5 сая фунтээр ирснээсээ хойш 10 дахь удаагаа л Ливерпулийн өмсгөлтэй талбайд гарч байгаа нь энэ.
Фенүүдээс таагүй үнэлэлт аваад байсан Пульсен тоглолтыг баргар эхлүүлж дөнгөж 4 дэх минутад шар хуудсаар торууллаа. Гэхдээ тааруу эхлэлээ Пульсен удалгүй цайруулж гоолын эхлэлийг тавьсан. 36 дахь минутад баруун жигүүрт түүний уралдуулсан дамжуулалтыг Раул Мейрелеш хүлээж авлаа. Португал тоглогч удаан бодсонгүй хамгийн боломжит хувилбар буюу хаалганы өмнүүр хөндлөн дамжуулалт өгч тэнд нь Торрес бөмбөгийг хаалганд чихсэн.
Торресийн айлын талбайд хийсэн сүүлийн 4 гоол бүгд эхний хагаст орсон үзүүлэлт байна. Гэхдээ Улаанууд баярлах эрт байлаа. Түрүү долоо хоногт тэд эхний хагаст Эвертоныг тэргүүлж байгаад бариулсан гашуун туршлага байгаа. Зөвхөн өмнөх тойрогт ч бус бүтэн улирлын турш Улаанууд ялж яваад ялагдсан тохиолдол олон давтагдсан. Харин энэ удаа тийм зүйл болсонгүй.
2-р үе эхлээд 5 минут өнгөрч байхад Рауль Мейрелеш нэгэн гоёмсог гоолоор эсрэг багийнхаа хаалгыг мялаалаа. Ливерпулийн төлөө анхны гоолоо оруулаад долоо ч хоноогүй байтал дахин нэг удаа тор хөдөлгөж байгаа нь энэ. Аггерийн алсын дамжуулалтыг Кристоф Берра мөргөж аюулгүй болголоо гэж бодсон ч үгүй байжээ. Раул 30 орчим метрээс бөмбөгийг унагалгүй гуядаж тоог холдуулсан юм.
Лукас бага зэргийн бэртэл авсан ч гэсэн тоглолтыг үргэлжлүүлж чадахаар байсан учрас Кенни нилээд сүүл хавьцаа эхний сэлгээгээ хийлээ. Тэрээр Пульсений оронд Жонжо Шелвиг оруулж ирсэн юм. Мөн 81 дэх минутад Максиг суулган Аурелиог оруулж хамгаалалтаа баталгаажууллаа. 3 оноо авсан ялалтыг 3 гоолтой тоглолт хамгийн их чимдэг. Энэ ч ёсоор Улаанууд цаг дуусахаас өмнө 3 дахь гоолоо орууллаа. Шүүгчин сунгасан цаг явж байхад Дирк Кюит зүүн жигүүрээр довтолж байхдаа Беррад бөмбөгөө таслуулсан Торрес довтолгооны төгсгөлийг хийж чадсан.
Фернандо 2009 оны 9 сард Вэст Хэмийн талбайд дубль хийснээс хойш айлын талбайд нэгээс их гоол оруулаагүй байсан юм. Ямар ч байсан багийнхаа домогт тоглогчид итгэж байса Копуудын найдвар тасарсангүй. Ливерпуль 29 оноотой болж 10-р байранд жагсаж байна. Ирэх лхагва гаригт тэд Фулхэмтэй 18-р тойргийн нөхөн тоглолтоо хийгээд ялж чадвал 7-р байр хүртэл урагшилах боломжтой.
Дэлглиш тоглолтын дараа “Ирснээсээ хойш би жинхэнэ Торресийг анх удаа харлаа. Зөвхөн гоол оруулсандаа ч биш тэрний хэр сайн хичээж байгаа нь надад таалагдсан. Багийнхандаа ингэж туслаж байгаа нь Торресийн ямархуу тоглогч вэ гэдийг харуулж байгаа.
Солилцоо наймааны хувьд би 1 сарын 31-ны 23.55 минут хүртэл Суаресийг авах оролдлогоо зогсоохгүй. Аякс гол тоглогчоо алдахад хүнд байгаа байх. Гэхдээ бодлоо өөрчилвөл бид бэлэн байгаа. Багийн эзэд ч маш их дэмжиж байгаа , энэ тал дээр” гэжээ.
No comments:
Post a Comment