Saturday, January 29, 2011

“Хөх Самурай”-нууд Азийн аварга !

Наран улсын шигшээ 120 минут үргэлжилсэн Азийн цомын финалын тоглолтод 1 : 0-ээр Австралийг буулган авлаа. Цорын ганц хожлын гоолыг сэлгээгээр орж ирсэн Тадари Ли 109′ дэх минутад Австралийн хамгаалагчидын хайнга алдааг ашиглан оруулсан. Япончууд 4 дэх удаагаа Азийн аварга болж дээд амжилт тогтоолоо. Саудын Араб, Ираны багууд тэдэнтэй адилхан 3 түрүүтэй байсан. Харин одоо Япончууд дангаараа хамгийн олон түрүүтэй баг боллоо.

Ногоон тивийн төлөөлөл Австраличуудын Азийн аварга болох гэсэн хүсэл ийнхүү 2 дахь удаагаа нуран уналаа. Дөрвөн жилийн өмнө тэд анх удаа Азийн цомд оролцохдоо шөвгийн наймаас хасагдаж байсан. Премьер лигийн туршлагатай тоглогчидоор хүчээ зузаатгасан Австарилчууд энэ тэмцээнд түрүүлэх бүрэн бололцоотой байсан. Гагцхүү аз гэдэг зүйл тэднээс нүүр буруулж Японыг ивээлээ. Үндсэн цагийн 90 минутад ч, нэмэлт цагийн 30 минутад ч тэдэнд гоол өлхөн оруулчих боломж чамгүй их олдсон.

Ялангуяа шигшээ багийнхаа хамгийн шилдэг тоглогч Харри Кьюэлл хайр найргүй олдсон боломжуудаа алдсан. Тим Кэхилл ч түүнтэй нэгдэж багаа “алах” ажилд гар бие оролцсон юм. Мэдээж хэрэг Австраличуудын өөрсдийнх нь алдаанаас гадна Японы хаалгач Кавашимагийн мэдрэмжтэй хаалтууд энэ тоглолтын ялагчыг тодруулахад маш их нөлөө үзүүлсэн.

Тоглолтын төгсгөл рүү Австраличууд түүний биетэй маш бүдүүлэг тоглож бэртээсэн ч шүд зуусаар Кавашимаг 120 минутыг дуусгаж багийнхантайгаа ялалтаа тэмдэглэлээ. Түүнийг энэ тоглолтын man of the match буюу шилдгээр тодруулсан байсан.

Япончууд хагас шигшээн Ө.Солонгостой хийсэн тулаанд бэртэл авсан Шинжи Кагавагүй талбайд гарсан. Түүний оронд Фүжимото гараанд багтсан байлаа. Харин Австралийн дасгалжуулагч Узбекистаныг бут ниргэсэн бүрэлдэхүүнээ өөрчилсөнгүй. Японы шигшээ багийн Халифа цэнгэлдэхэд байгуулсэн ялалт тэднийг 2013 оны Тив хоорондын цомын тэмцээнд өрсөлдөх эрхийг олголоо. Итали дасгалжуулагч Алберто Заккерони Японыг удирдаж эхлээд нэг жил хүрэхгүй хугацааны дотор Азийн аварга болголоо. Тэрээр өмнө нь шигшээ баг удирдаж байгаагүй бөгөөд Японд ирэхээсээ өмнө Ювентусаас халагдаад байсан юм.

Манай сайт уншигчидынхаа дунд Азийн наадмын аварга багаар аль нь тодрох вэ ? гэсэн санал асуулга явуулахад Япон 160 санал, Австрали 62 санал авсан. Ямартай ч уншигчидын маань дийлэхийн санал зөрсөнгүй. Япончууд тивдээ шилдэг гэдгээ дахин нотоллоо.

Азийн цомын хүрэл медалийн төлөөх тоглолт баасан гаригт явагдаж Узбекистаныг – Ө.Солонгосын шигшээ 3 : 2-оор буулган авсан юм. Тус тоглолтын дараа МанЮ-гийн хагас хамгаалагч Пак Жи Сун шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарласан юм. Пак 2000–2011 оны хооронд эх орныхоо төлөө 100 тоглолт хийж (13) гоол оруулсан. Хамгийн сүүлд Пак Өмнөд Африкийн ДАШТ-д Грекийн хаалганд гоолдсон юм.

Азийн цомын мэргэн буучаар Солонгосын довтлогч Коо Жа-Чёл 5 гоолтой тодорч, үнэ цэнэтэй тоглогчоор Кейсуке Хонда, шударга тоглолтын шагналыг Ө.Солонгосын баг тус тус авсан.

4 жилийн дараа 2015 оны Азийн цомын тэмцээн Австрали улсад зохион байгуулагдана.

No comments:

Post a Comment