Saturday, January 29, 2011

Залуу Буучид аваргын төлөө үлдлээ

Премьер лигийн гол өрсөлдөгч МанЮ 3 оноо авч байх хооронд Арсеналын залуус Лигийн цомын финалд шалгарах болзлоо хангалаа. Эртний түүхт Ипсвич таун багийг Буучид талбайдаа Бендтнер, 61 (1:0). Косельни, 64 (2:0). Фабрегас нарын гоолоор 3 : 0-ээр буулган авсан байх юм. Ийнхүү Арсеналчууд Вэст – Бирмингэмийн ялсантай Вэмблей цэнгэлдэхэд аваргын төлөө тоглохоор боллоо. 2005 оноос хойш ямар нэгэн цом хүртээгүй Арсенал финалд бүх хүч чадлаа дайчлан тулалдах нь дамжиггүй.

Арсен Венгер ямар нэгэн алдаа гаргахгүйн тулд боломжит хүчтэй бүрэлдэхүүнээ илгээсэн байлаа. Үүнд сүүлийн 3 тоглолтод 6 гоол хийсэн ван Перси багтсан бөгөөд эхний тоглолтыг бэртлээс болж тэрээр өнжсөн юм. Тоглолт Буучдад хүндхэн эхэлж 18 дахь минутад Санья хамраа гэмтээж Эбүэ түүнийг сэлгэн талбайд гарч ирсэн.

Эхний тоглолтыг талбайдаа хийгээд 1 гоолоор ялсан болохоор Ипсвич аль болох хамгаалах тактик барьж байв. Үнэндээ тэдний зорилго тун сайн биелэж эхний үед гоол алдаагүй.

Харин 2-р үеийн 61 дэх минутад тэдний төлөвлөгөө нурлаа. Уилширийн ухаалаг мэдрэмжтэй дамжуулалтыг Бендтнер тун гайхалтай тогтоож, төгсгөлийг ч тун гоёмсог хийсэн. Дани залуу Лигийн цомд хийсэн сүүлийн 7 тоглолтод 6 дахь гоолоо хийлээ.

Одоо нэгэнт гоолын зөрүү алга болсон учраас Ипсвичэд сонголт үлдсэнгүй. Ичээнээсээ гарч довтлох.

Буучдын баяр

Гэтэл тэднийг бодож ч дуусаагүй байтал 4 минутын дараа Аршавиний булангийн цохилтыг Франц хамгаалагч Косельни гоолдлоо. Франц хамгаалагч түрүү зун 8.45 сая фунтээр ирснээсээ хойш 2 дахь гоолоо хийж байна. 9 сард тэр Болтоны хаалганд дебут гоолоо хийсэн билээ.

Энэ гоолын дараа ч гэсэн Ипсвич 1 гоол оруулахад финалд үлдэх боломжтой байлаа. Учир нь тэд талбайдаа гоол алдаагүй гэсэн үзүүлэлттэй. Тиймээс дахин нэг гоол Буучдад хэрэгтэй байв. Чухам энэ мөчид багийн ахлагч Фабрегас үүргээ биелүүлэн 77 дахь минутад гоолдсон юм.

Эмирейтсийг орхих дээрээ тулаад байгаа Аршавин түүнд дамжуулалт өгсөн бөгөөд гоолынхоо дараа Фабрегас нулимсаа барьж чадсангүй.

No comments:

Post a Comment