Испаний Эзэн хааны цомын хагас шигшээд Севилья – Реал, Барса – Алмерия гэсэн оноолт таараад байгаа. Өнгөрсөн шөнө шөвгийн дөрөвийн эхний тоглолтууд явагдлаа.
Барсан өнгөрсөн 11 сард Альмерияг лигийн тоглолтод 8 : 0-ээр хожиж байсан. Энэ удаа ч Хуан Мануэль Лильогийн баг замд нь саад болохгүй гэдгийг харуулж 5 – 0-оор буулган авлаа. Дээрхи 11 сарын тоглолтод хет-трик хийж байсан Месси энэ удаа дубль хийж багтаа бэлэг барьсан бол Вилья, Педро, Кейта нар нэг нэг гоол нэмэрлэсэн. Месси энэ улирал эхлээд бүх тэмцээнд 31 тоглолтод 35 гоол оруулчихаад байна. Мөн Барса 2010/11 оны улирал эхлээд 35 албан ёсны тоглолтод 100 давсан гоол орууллаа. Өмнө нь тэд ийм богино хугацааны дотор 100 гоолын босгыг давж байгаагүй юм. 100 дахь гоолыг Месси 16 дахь минутад хийсэн ажээ. Дунджаар Барса нэг тоглолтод 2.91 гоол оруулж байна.
Ийнхүү 2 сарын 2нд явагдах хариу тоглолтын өмнө Каталоны баг финиалын эрхээ бараг л өвөртөлчихлөө. Тэд нийт 25 удаа Эзэн хааны цомд түрүүлсэн амжилтаар хамгийн олон түрүүлсэн багаар нэрлэгддэг.
Реал Мадридийн хувьд Карим Бенземагийн нэг гоолоор Севильяг ялсан. Шинэ цэрэг Адебайор нь энэ тоглолтод оролцоогүй учраас Бензама довтлогчоор гараанд гарсан. 17 дахь минутад Франц эр хожлын бөмбөгийг хийсэн юм. Хариу тоглолт Сантьяго бернабеуд 2 сарын 2-нд явагдана. Эзэн хааны баг сүүлд 2004 онд Эзэн хааны цомын финалд үлдэж байсан бөгөөд Реал Сарагосад ялагдаж байсан юм. Хэрвээ энэ жил Барса- Реал финалд өрсөлдвөл 1990 оноос хойш анх удаа Эль Класико цомын финалд өрнөх боломжтой болно.
107 дахь удаагийн цомын финал Валенсигийн Месталья цэнгэлдэхэд явагдана.
No comments:
Post a Comment