Saturday, January 29, 2011

Ливерпуль 7-р байр луу урагшиллаа

Кенни Дэлглиш багтайгаа хамт 2 дахь ялалтаа байгууллаа. Улаанууд 18-р тойргийн нөхөн тоглолтоо Фулхэмтэй хийж Пейнтсилийн авто-гоолоор ялалт байгуулсан. Ийнхүү тэд 32 оноотой болсноор 7-р байр луу урагшиллаа. Стивн Жеррард 3 тоглолтын торгуулиасаа эргэн ирж гараанд гарсан бөгөөд сүүлийн 2 тоглолтод дараалан гоолдсон Раул Мейрелеш болон Кристиан Поульсен нар ч Фулхэмийн эсрэг гарсан.

Кенни хамгийн сүүлд тоглогч дасгалжуулагч байхдаа 3-р лигийн Фулхэмийг Лигийн цомд 10-0-ээр ялж байсан. 1986 онд болсон тэр “галын наадам” дахин давтагдаагүй ч Дэлглиш Фулхэмийг дахин сөхрүүллээ. Хэдийгээр Лондоны баг тийм тааруу байгаагүй аз ивээсэнгүй.

Фулхэм Анфиелдэд хийсэн премьер лигийн 9 тоглолтоос 7 -д нь гоол хийлгүй буцаж байна. Сүүлийн 4 тоглолтод тэд ийм үр дүн үзүүлсэн юм.

52 дахь минутад Торрес 16-гий гадна бөмбөг аваад хаалга руу цохисон ч Бреде Хангеландийн хөлөнд ойж шон онолоо. Ойж ирсэн бөмбөгийг Жон Пейнтсил цэвэрлэж талбайгаасаа гаргах гэж байгаад өөрийн хаалганд гоолдож Ливерпульд ялалт бэлэглэсэн юм.

Фулхэмийн хамгаалагчид цаг дуусахаас өмнө алдаагаа цайруулж гоол оруулах дөхсөн ч мөргөсөн бөмбөгийг нь Рейна аюулгүй болгосон. Кенни Дэлглиш багийнх нь амжилт 7-р байраар дуусахгүй гэж хэлж байна. “7-р байр бол бидний хүсэж байгаа зүйл биш. Бид энэнээс ч илүү ихийг хийж чадах чадвартай. Ирэх лхагва гаригт Стоктой хийх тоглолтоос үүнийгээ батлан харуулна” хэмээсэн байна.

No comments:

Post a Comment